Монгол хэл бичгийн улсын олимпиадын сэдвүүд

2012-03-16,

Монгол хэл бичгийн улсын олимпиадын сэдэв

X анги. /2008/

Нэгдүгээр даалгавар. Эх / 5оноо/

Могой

/охиндоо/

Нэг муу шидэмс шиг могой, хотолж байгаа хонь ямааны хөлд арай нэг юм гишгүүлчихгүй шүү өнгөрөв. Дөхөөд очсон чинь цагариглан хярах биш, харин өөдөөс огтхон ч хар сэргүй муриганан мөлхөж байна.

Хөөрхий амьтан тэр олон малын хөлд өртчихөлгүй шүү амьд гарсандаа баярлан, дуулж байгаа ч юм билүү.                   /Ц.Чимэддорж/

1. Эхийн гол ба шинэ санааг тодорхойл. /2оноо/

2. Эхийн найруулгын хэв маягийг тодорхойл. /1 оноо/

3. Эхэд хэдэн цогцолбор байна вэ? Тус бүрийн утга санааг тайлбарла./2оноо/

Хоёрдугаар даалгавар. Өгүүлбэр /5 оноо/

Өгүүлбэрүүдэд ажиглалт хийгээд дор өгсөн ажилбарыг гүйцэтгэ.

Нэг талаас, багш нь номлох, нөгөө талаас, шавь нь ихэд хичээнгүйлэх сайн үйлийн барилдлага тэгш бүрдвээс сая эрдмийн хишиг хүнд тогтдог жамтай. Энэ нь цэвэр ариун, бүрэн бүтэн саванд өрөм загсдаг адил.

1. Гол өгүүлбэрээ утга ба хэлбэрээр нэмэн дэлгэрүүлсэн гишүүн өгүүлбэрүүдийг олж зааглан, тухайн зураасаар нь хааж, нээж үзүүл.

2. “нэг талаас”, “нөгөө талаас” гэдэг оруулбар нэгжийг ямар утга, үүргээр хэрэглэсэн бэ?

3. “энэ нь ” гэдэг ямар аймгийн үг вэ? Өгүүлбэрт ямар утга, үүргээр орсон бэ?

4. “... саванд өрөм загсдаг... “ , “... саванд өрөм загсаах ...” ялгааг нь хувиргалаар тайлбарла.

5. Эхний өгүүлбэрээс хоёр бүрэлдэхүүнт цөм өгүүлбэр нэгийг үүсгэн бич.

Гуравдугаар даалгавар. Үг /4 оноо/

1. “тугалаа гүзээлэх” – ийн “гүзээлэх”- тэй ойролцоо утгатай үг 4-өөс цөөнгүйг бич. /1 оноо/

2. “тос гүзээлэх” – ийн “гүзээлэх” – тэй ойролцоо утгатай үг 3-аас цөөнгүйг бич. /1 оноо/

3. “тос” нэртэй зүйлчилсэн утгаараа нийцэх нэр 3-аас цөөнгүйг бич. /1 оноо/

4. Дээрх хэллэгтэй ойролцоо утгатай хэллэг 2-ыг олж бич. /1 оноо/

Дөрөвдүгээр даалгавар. Үг, бүтээвэр /4 оноо/

1. “могой ” эхээс дагаврын аргаар үүссэн үйл үгсийг олоод тусах ба эс тусахаар нь ялгаж бич. /2 оноо/

2. “өртчихөлгүй” гэдэг үгийг бүтээврээр задалж, бүтээвэр тус бүрийг тодорхойл. /2 оноо/

Тавдугаар даалгавар. Уран зохиол /7 оноо/

“Алаг дэлхийд төрсөн минь учиртай” шүлгийн хэл, уран сайханд задлал хийж бич.

Зургадугаар даалгавар. Зохион бичлэг /10 оноо/

“Чи” гэсэн сэдвээр 120 орчим үгтэй эргэцүүлэмж бич.

Долдугаар даалгавар. Монгол бичиг. /5 оноо/

Эхийг сонсоод цээжээр бичнэ.

Түлхүүр буюу заавар

Нэгдүгээр даалгавар                                            

1. Эхийн гол санаа: амьтан хүртэл амь гарсандаа баярлана. Амь гэдэг юунаас ч илүү эрхэм.

2. Эхийн шинэ санаа: могойг хүнтэй адилхан бодож сэтгэж, амь гарсандаа баярлаж байгаа байх гэж амьшууллын аргыг хэрэглэсэн .

3. Эхийн найруулгын хэв маяг: хүүрнэмж

4. Эхэд 2 цогцолбор : могойны тухай хэсэг, зохиогчийн бодол гэсэн 2 хэсэг байна. Эхний цогцолборт могойны хэрэг явдлын тухай өгүүлэмж , харин 2 дахь цогцолборт тэр могой ч гэлээ амьд гарсандаа баярлаж байгаа байх гэсэн зохиолчийн үнэлэмж илэрсэн байна.

Хоёрдугаар даалгавар

1. Гол өгүүлбэрээ утга ба хэлбэрээр нэмэн дэлгэрүүлсэн гишүүн өгүүлбэрүүд:

а. Багш нь номлох – сайн үйлийн барилдлага бүрдэх

б. Шавь нь ихэд хичээнгүйлэх – сайн үйлийн барилдлага бүрдэх

в. Сайн үйлийн барилдлага тэгш бүрдвээс – сая эрдмийн хишиг хүнд тогтдог.

г. Цэвэр ариун, бүрэн бүтэн саванд өрөм загсдагтай –энэ нь адил.

2. “нэг талаас”, “нөгөө талаас” гэсэн оруулбар нэгжийг харьцууллыг

илрүүлэхийн тулд ашигласан.

3. “энэ нь” – заах төлөөний үг, өгүүлбэрт өмнөх өгүүлбэрийг арын өгүүлбэртэй холбохын зэрэгцээ, эхний өгүүлбэрийг төлөөлсөн утгатай. Гадаад холбоосын үүргээр орсон.

4. “... саванд өрөм загсдаг...”, “... саванд өрөм загсаах ..” ялгааг нь хувиргалаар тайлбарлавал:

Загсдаг - өөрөө үйлдэх хэвийн нөхцөлийг загсаах- гэж бусдаар үйлдүүлэх хэв болгосон. Энэ нь идэвхтэй хэвийг идэвхгүй хэв болгох хувиргалд хамаарна . Энэ тухай хуудас ....-ээс үз.

5. 2 бүрэлдэхүүнт цөм өгүүлбэр: Багш нь номлоно. Шавь нь хичээнгүйлнэ.

Гуравдугаар даалгавар.

1. “тугалаа гүзээлэх”-ийн гүзээлэхтэй ойролцоо үг: алах, төхөөрөх, нядлах, гаргах, муулах

2. “тос гүзээлэх”- ийн гүзээлэхтэй ойролцоо үг: идэх, зооглох,

3. “тос”-той нэг зүйлчлэлд хамаарах үг: өрөм, ааруул, зөөхий гэх мэт цагаан идээний зүйлийн нэр

4. “тос гүзээлэх гээд тугалаа гүзээлэх “-тэй ойролцоо утгатай хэлц: нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох, их санасан газар есөн шөнө хоосон хонох

Дөрөвдүгээр даалгавар.

Дагаврын аргаар үүссэн тусах үйл үг: дуулж,

Дагаврын аргаар үүссэн эс тусах үйл үг: хотолж, цагираглан, муриганан, баярлан,

1. өртчихөлгүй - өрт + 0 + 0 + чих + лгүй

өрт- идэвхтэй үйл язгуур

-0- үндэс бүтээх тэг дагавар

-0- өөрөө үйлдэх хэвийн нөхцөл

-чих- бүрмөсөн үйлдэх байдлын нөхцөл

-лгүй нөхцөлдүүлэн холбохын үгүйсгэх хэлбэрийн нөхцөл

2. үүсмэл бус, анхдагч үндсээрээ байгаа

3. үйл үг, эс тусах, өөрөө үйлдэх хэв, бүрмөсөн үйлдэх байдал, нөхцөлдүүлэн холбох нөхцөлтэй, өгүүлбэрт өгүүлэхүүн гишүүн болсон.

Тавдугаар даалгавар.

“Алаг дэлхийд төрсөн минь учиртай” шүлгийн хэл, уран сайхан

Уг 6 бадаг шүлэг нь орчлон хорвоод хүн хэрхэн төрөөд, яаж өсөн торниж, ухаан сууж, хайр сэтгэлтэй учирч, үр хүүхдээ төрүүлэн өсгөж, амьдрахдаа амьдралынхаа зорилгыг хэрхэн тодорхойлж, түүндээ хүрч амьдрах ёстойг учирзүйн дарааллаар тоочин харуулжээ.Ийнхүү амьдралын бүхий л үе шатыг туулахдаа гэнэн томоогүй насандаа хэрхэн зүггүйтэж, анхны хайртай учрахдаа яаж бүтэлгүйтэж, үр хүүхдээ өсгөхдөө зовж жаргаж, амьдралаас ухаарч, зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэх тэмүүлэлдээ жаргаж байдгийг ч алгасалгүй тоочсон байна. Өөрөөр хэлбэл, амьдралын жаргал зовлон бүхнийг хэм тэгш өгүүлээд, эцэс сүүлд нь энэ бүхнийг ухааран ойлгосон монгол хүн хүлгийн зоо шиг дотно хайртай эх орноо зүрхэндээ багтааж амьдрах нь бидний зорилго юм хэмээн нэг талаас хувийнхаа зорилгыг тодорхойлсон, нөгөө талаас бусдыг ч уриалсан шинжтэй. Цаашилбал “Алтан дэлхий”, “Гэрэлт орчлон”, “Алаг дэлхий”, “Тоост хорвоо”, “Дуулим хорвоо”, “Хөрст дэлхий” хэмээх 6 бөгжилсөн давталт үгийг ажиглахад ч эхийн хэвлийгээс анх мэндэлсэн ангаахай үрд алтан дэлхий, дур зоргоороо тоглон жиргэх дэгдээхэй насанд бол гэрэлт орчлон байснаа анхны хайрын адал явдалтай учирч, амьдралын гэрэл сүүдрийг олж харахад алаг, бас тоостой хорвоо харагдаж, дараа нь энэ бүхнийг ойлгож уярахад дуулим хорвоо болон эцэст нь хөрст дэлхийн уудмаас эх орноо л харах хайрлах сэтгэл төрснөө илэрхийлжээ. Бадаг тус бүрийн гол санааг 3 мөрөнд багтаан бөгжилсөн давталтаар хашиж, цаг хугацаа, үйл явдлын дарааллаар ахиуллын аргыг голлон бичсэн уг шүлгийг хамгийн товчоор төрөх – ухаарах – уярах –эдлэх – бүтээх – зорьсондоо хүрэх гэсэн 6 үйл үгээр ойлгож болох юм.
 

Монгол хэл бичгийн улсын олимпиад

X анги. /2006 он/

Нэгдүгээр даалгавар. Эх / 6 оноо/

Зун

Баланд шунасан эрвээхий буух цэцгээ эс олон эргэлдэнэ. Өнгө цэцгэн даашинзтай охидыг өөр хооронд нь ялгахад цэцгээ андуурсан эрвээхий шиг нүд төөрнө. Сүүнд бялуурсан ишиг хурга сул хивэн тийрнэ. Сүүдэр хайсан салхи нарны туяанд дуниартан сүр бараатай уулс унтаа юм шиг зүүрмэглэнэ.

1. эхээс адилтгал олж бич.

2. эхээс зүйрлэл олж бич.

3. “баланд согтсон эрвээхий”, “сүүдэр хайсан салхи”, “уулс зүүрмэглэх” гэсэн холбоо үгсийн дүрслэх хэрэглүүрийг тодорхойл.

4. уг эх хэдэн цогцолбороос бүтсэн бэ? Найруулгын ямар төрөл вэ?

5. Цогцолборуудын өгүүлбэрийг утга, хэлбэрийн хувьд хэрхэн холбосон байна вэ?

Хоёрдугаар даалгавар. Өгүүлбэрийн бүтэц, хэв шинжийг тодорхойл. /4 оноо/

Орчин үеийн хамгийн найдвартай аргын нэг бол цахим тооцоолуур хэрэглэн электрон ном буюу “э - ном” бүтээх явдал бөгөөд “э- ном” нь тоосонд дарагдахгүй, төдий л орон зай эзлэхгүй, нөгөө ном судрын цаасыг идэж, зооглогч өт хорхойд идэгдэхгүй, мэдээллийг хайж олоход хялбар, багтаамж сайтай зэрэг олон давуу талтай байжээ. /Л.Түдэв/

Гуравдугаар даалгавар. Үгзүйн дараах даалгаврыг хий. /5 оноо/

А. Дээрх эхэд нөхцөлдүүлэн холбох нөхцөлтэй хэдэн үйл үг байна вэ?

Б. Дээрх эхэд байгаа нэрлэхийн тийн ялгалын нөхцөлтэй үгийг бич.

В. “Нарны туяа” гэдэг холбоо үгэнд орсон харъяалахын тийн ялгалын утгыг тодорхойлж бич.

Г. “Нас” гэдэг язгуураас төрөл үг 4-ийг бүтээ.

Дөрөвдүгээр даалгавар. Дараах авиа зүй, зөв бичих даалгаврыг гүйцэтгэ. /4 оноо/

А. “хямдаръя” гэсэн үгийг авиа зүйгээр задалж бич.

Б. Дараах үгсээс зөв бичсэн үгийг олж, холбогдох дүрмийг тайлбарлаж бич.

1. идэвхжинэ 2. идэвхэжнэ 3. идэвхижнэ

Тавдугаар даалгавар. Утга зүйн даалгавар /5 оноо/

1. “Нар баруун хойноос навтсанд боодолтой гарна” гэсэн өгүүлбэрийн санааг нэг хоёр үгээр бич.

2. Өгүүлбэрийн санаатай ойролцоо хэлц өгүүлбэр тавыг олж бич.

3. Уул өгүүлбэр ямар ямар дүрслэх хэрэглүүрээр бүтсэнийг ялган бич.

Зургадугаар даалгавар. Уран зохиол /10 оноо/

1. П. Лувсанцэрэнгийн “Усны эргүүлэг буюу Борзооны явдал” туужийн Хашбатын дүрийг 5-8 өгүүлбэрээр илэрхийлэн бич.

2. Б.Ринченгийн уран бүтээлийн гол онцлогийг 3 өгүүлбэрээр тодорхойл.

3. Хуульч Сандагийн “Тэжээсэн нохойн хэлсэн нь” зохиолын утгыг нэг өгүүлбэрээр бич.

4. Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ?” шүлгийн “Зүйдэлгүй цагаан өрхийн хоймсолж томсон оосорт” гэсэн мөрийн хэлний уран дүрслэлийг тайлбарла.

Долдугаар даалгавар. Зохион бичлэг /8 оноо/

“Тунгаар нь уусан чи байтугай тугнуурыг нь долоосон би” гэдэг шог хэлцийн утгаар 100 үгтэй зохион бичлэг бич.

Наймдугаар даалгавар. Монгол бичиг /8 оноо/

“Зун” эхийг монгол бичгээр хөрвүүлж бич.

 

Түлхүүр буюу заавар

Нэгдүгээр даалгавар.

1. Адилтгал: цэцгэн даашинз

2. Зүйрлэл: эрвээхий шиг, унтаа юм шиг

3. Дүрслэх хэрэглүүр:

баланд согтсон эрвээхий – хүншүүлэл

сүүдэр хайсан салхи – амьшуулал

уулс зүүрмэглэх – амьшуулал

4. Энэ эх 2 цогцолбороос бүтсэн. Уран дүрслэлтэй тул уран зохиолын найруулга юм.

5. Цогцолборуудын өгүүлбэрийг аялгаар зэрэгцүүлэн холбосон. Өгүүлбэрүүдийн өгүүлэхүүн нь одоо цагийн “на” нөхцөлөөр хэлбэржиж, аялгаар зэрэгцэн холбогдож, одоо цагийн утга илэрхийлсэн.

Хоёрдугаар даалгавар.

Орчин үеийн хамгийн найдвартай аргын нэг бол цахим тооцоолуур хэрэглэн электрон ном буюу “э - ном” бүтээх явдал бөгөөд “э- ном” нь тоосонд дарагдахгүй, төдий л орон зай эзлэхгүй, нөгөө ном судрын цаасыг идэж, зооглогч өт хорхойд идэгдэхгүй, мэдээллийг хайж олоход хялбар, багтаамж сайтай зэрэг олон давуу талтай байжээ.

Гуравдугаар даалгавар.

1. Нөхцөлдүүлэн холбох нөхцөлтэй үйл үг 3 байна. Үүнд : олон, хивэн, дуниартан

2. Нэрлэхийн тийн ялгалын нөхцөлтэй үг : эрвээхий, нүд, салхи, уулс, ишиг хурга

3. Нарны туяа – холбоо үгийн харьяалахын тийн ялгалын нөхцөл нь үүсэл гарлын утга илэрхийлжээ.

4. нас – настан, насаж, насал, настай, насгүй

Дөрөвдүгээр даалгавар.

1. хямдаръя

х – х/ь/

я – а

м – м

д – д

а – а

р – р

ъ –

я – а

8 ү – 8 а

2. идэвхэжнэ – идэвх + ж + нэ

Идэвх гэсэн заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд “ж” гэсэн заримдаг гийгүүлэгчийг залгахдаа эгшиг жийрэглэнэ. Учир нь с, х –ийн дараах т, ч –ээс бусад тохиолдолд заримдгийн дараа заримдаг гийгүүлэгч эгшигтэй байна. Идэвхэж гэдэг үгэнд “нэ” нөхцөлийг шууд залгахад ямар нэг эгшиг жийрэглэх шаардлагагүй учир шууд залгана.

Тавдугаар даалгавар.

1. Нар баруун хойноос навтсанд боодолтой гарна. –

Хэзээ ч бүтэшгүй зүйл

2. Ойролцоо утгатай хэлц нь: үхсэн чавганцаас унгас /эсгий/ гуйх, усан дээр өрөм тогтоох, мянгуужингийн үлгэр, хөхөөг хүйдсээр цохих, харганы ноос түүж эсгий хийх

3. нар навтсанд боодолтой – багасгал

нар баруун хойноос гарах - ёгтлол

Зургадугаар даалгавар.

1. П.Лувсанцэрэнгийн “Усны эргүүлэг буюу Борзооны явдал” туужийн Хашбат бол

- Сониуч зантай.

- Аливаа зүйлийг дүрслэн илэрхийлэхдээ сайн.

-

-

-

2. Б.Ринченгийн уран бүтээл бол

- Түүхэн сэдэвт том хэмжээний зохиол бичдэг.

- эртний буюу хуучин үг, хүндэтгэлийн үг ихтэй, урт нийлмэл өгүүлбэрүүдтэй, эрхэмсэг тансаг найруулгаар бичдэг.

- Туульсын төрлөөр, ихэвчлэн роман бичсэн. “Үүрийн туяа” роман нь монголын орчин үеийн анхны роман гэж МУЗ-ын түүхэнд тэмдэглэгдсэн.

3. Хуульч Сандагийн “Тэжээсэн нохойн хэлсэн нь” зохиол нь эзэндээ үнэнч зарц барлаг хувь заяатайгаа эвлэрч байгаа тухай юм.

4. Б.Явуухулан “Би хаана төрөө вэ?” шүлгийн:

Зүйдэлгүй цагаан өрхийн хоймсолж томсон оосорт – хэтрүүлэл болон төлөөлөл ашиглажээ.

Зүйдэлгүй цагаан өрх – хэтрүүлэл

өрхийн хоймсолж томсон оосор- монгол гэрийг төлөөлжээ.

Долдугаар даалгавар.

Тунгаар нь уусан чи байтугай тугнуурыг нь долоосон би

 

 

Монгол хэл бичгийн олимпиад

X анги. /2005 он /

Нэгдүгээр даалгавар.

Дараах өгүүлбэрийн бүтэц, утга санаа, мэдээллийн бүтцийг сайтар ажиглаад өгүүлэхүүн төвүүдийг тогтоож, гишүүдээр зураад, бүтэц – хэв шинжийг нь тодорхойлж бич.

Тэгээд тэр өдөр олон лам хуврагийн өмнө их гэсгүй бэрээгээр багана цохин цогдомдож, Винайн ёсонд хувраг хүний зарчимд үл нийлэлцэх явдал өдүүлсэн банди Буниаг шүхрийг нь шатааж, зуу торлогд гэж ял оноосон, чийрэг дуганч нар зоон дээр нь торлогдож эхэлсэн нь санаанд оржээ. /Б.Ринчен/

Хоёрдугаар даалгавар.

Дээрх өгүүлбэрийг уншаад үгзүйн дараах даалгаврыг гүйцэтгэ.

1. Дээрх өгүүлбэрт нэрлэхийн тийн ялгалын нөхцөлт үг хэд байна вэ?

А. 1 Б. 2 В. 3 Г. 4

2. Аль үйл үг нь өөрөө үйлдэх хэвд байна вэ?

А. Торлогд- Б. Нийлэлц- В. Шатаа - Г. Оноо –

3. “Зоо “гэдэг үг ямар тийн ялгалд байна вэ?

А. Нэрлэх Б. Харьяалах В. Өгөх орших Г. Чиглэх

4. “зуу” гэдэг үг ямар тооны нэрийн утгатай орсон бэ?

А. Тойм тоо Б. Дахих тоо В. Үндсэн тоо Г. Дэс тоо

5. Дээрх өгүүлбэрийн ямар үгийн дараа буюу гэдэг холбох үгийг оруулж найруулах боломжтой вэ?

А. Өмнө Б. Оноосон В. Ёсонд Г. Буниаг

Гуравдугаар даалгавар.

Утгазүйн даалгаврыг гүйцэтгэ.

1. Дараах өгүүлбэрийн гол санааг хэвшмэл хэлцээр илэрхийл.

Өлсөж ядарсан Дамиран багын анд Самдангаа туслана байх гэж бат итгээд хүчтэй цасан шуургыг сөрөн мацсаар хүрч очиход нь цай ч үгүй, царай ч үгүй ууртай амьтан угтжээ.

2. Дараах хэлц өгүүлбэрийн үүсгэл санааг болон гол санааг товч тайлбарла.

Сүүдрийг барьж, салхийг харвах

Дөрөвдүгээр даалгавар.

Жишээ тус бүрт дүрслэлийн ямар ур маяг хэрэглэсэн бэ?

1. Үнсэнд хаясан шалз шиг.....................................................

2. Ээрэм нутгийн мангас эр эмгүй сахалтай /ямаа/......................

3. Хөдөөд хөх тохом .......................................................................

4. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ .....................................................

5. Төрийн төлөө оготно боож үхнэ................................................

Тавдугаар даалгавар.

Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ?” шүлгийн аль нэг бадгийг сонгож бичээд уран сайхны онцлогийг тайлбарла.

Зургадугаар даалгавар.

Дараах сэдвийг монгол бичгээр бич.

Зам

Зам харагдахад хүн бодогдоно. Цэх шулуун явъя хэмээсэн эрмэлзэл нь танигдана. Сэрэмжлэхдээ тойрсон хэвгий, айхдаа гэлдэрсэн жалга, зориглохдоо давхисан тал, зүдэрч давсан даваа бүхэн нь алган дээр мэт тод. Бусдын араас бурантаг хавчуулсан мэт явахгүй гэхдээ салаалж, мунхаглахдаа тойрч, дөтлөх гэж тамаа цайсан нь сэтгэл өвтгөнө. /Д.Батбаяр/

Түлхүүр буюу заавар

Нэгдүгээр даалгавар.

Тэгээд тэр өдөр олон лам хуврагийн өмнө их гэсгүй бэрээгээр багана цохин цогдомдож, Винайн ёсонд хувраг хүний зарчимд үл нийлэлцэх явдал өдүүлсэн банди Буниаг шүхрийг нь шатааж, зуу торлогд гэж ял оноосон, чийрэг дуганч нар зоон дээр нь торлогдож эхэлсэн нь санаанд оржээ. /Б.Ринчен/

Хоёрдугаар даалгавар.

1. Нэрлэхийн тийн ялгалын нөхцөлтэй үг: гэсгүй, дуганч нар

2. Өөрөө үйлдэх хэвд байгаа үйл үг: торлогд

3. Зоон дээр –гэдэг холбоо үгийн “зоо ”нь харьяалахын тийн ялгалын тэг нөхцөлтэй.

4. “Зуу” гэдэг тооны нэр зуун удаа гэсэн дахих тооны утгаар орсон.

5. винайн ёс буюу хувраг хүний зарчимд үл нийлэлцэх “-гэж буюу –г оруулж найруулж болно.

Гуравдугаар даалгавар.

1. Их санасан газар есөн шөнө хоосон хонох

2. Сүүдрийг барьж, салхийг харвах – гэдэг хэлцийн:

Үүсгэл санаа нь: сүүдэр, салхи аль аль нь баригдахгүй, биегүй хоосон зүйлс.

Гол санаа нь: хэзээ ч бүтэшгүй зүйл бол сүүдрийг барьж, салхийг харвахтай адилхан юм .

Дөрөвдүгээр даалгавар.

Үнсэнд хаясан шалз шиг - зүйрлэл

Ээрэм нутгийн мангас эр эмгүй сахалтай /ямаа/ - хүншүүлэл

Хөдөөд хөх тохом – адилтгал, багасгал

Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ – адилтгал,егөөдөл

Төрийн төлөө оготно боож үхнэ – ёгтлол

Тавдугаар даалгавар.

Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ?” шүлэг

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.

Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт

Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд

Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.

Энэ бадгийг толгой холбож, эхний мөрийг бадгийн төгсгөлд давтаж, жаазалсан.Бусад 3 мөр нь тэгш зэргэдээр бичигдсэн.

Зургадугаар даалгавар.

Монгол бичгээр бич.

Зам

Зам харагдахад хүн бодогдоно. Цэх шулуун явъя хэмээсэн эрмэлзэл нь танигдана. Сэрэмжлэхдээ тойрсон хэвгий, айхдаа гэлдэрсэн жалга, зориглохдоо давхисан тал, зүдэрч давсан даваа бүхэн нь алган дээр мэт тод. Бусдын араас бурантаг хавчуулсан мэт явахгүй гэхдээ салаалж, мунхаглахдаа тойрч, дөтлөх гэж тамаа цайсан нь сэтгэл өвтгөнө. /Д.Батбаяр/

 

Монгол хэл бичгийн улсын 32-р олимпиад

Х анги. 2001 он

1. Өгсөн өгүүлбэрийн өгүүлэхүүн төвийг тогтоож, гишүүдээр зураад бүтцийг нь тодорхойл. /3 оноо/

“Хүмүүс ярьж аж төрж, цагийн дөрвөн улирлыг эргэлдүүлж байхад элс нүүдгээрээ нүүж, шувууд буцдагаараа буцаж, ирдгээрээ ирж, цаг хугацааг даган урссаар байдаг ажээ.”

2. “Хүн байгаль хоёр! Мөнхийн нөхөрлөл дайсагналд оршдог аугаа их хүчтэн энэ хоёр билээ” гэсэн хам бүтцийн хүн байгаль хоёр гэдэг өгүүлбэрийг бүтэц хэв шинжийн үүднээс тодорхойл. /1 оноо/

3. Дараах тодорхойлолтын цэгийн оронд зохих ухагдахууны нэрийг нөхөж бич. /1 оноо/

а.................ийг янз бүрийн аргаар тодчилно гэдэг бол.............ыг ялган тодруулж байгаа арга мөн.

б. Монгол хэлний энгийн өгүүлбэрт нэрийн бүлгийн өгүүлэгдэхүүний төгсгөлийн үг нь....................тийн ялгалд байдаг.

4. Үгзүйгээр задлах.

а. “амьдрал” гэдэг үгийг утгат хэсгээр задалж бич.

б. “Төмөр” гэдэг үгийг нэр үгийн үндсээр, заахын тийн ялгалын тэг хувилбараар орсон тус бүр нэг өгүүлбэр зохио.

5. Авиазүй, зөв бичих дүрмээр тайлбарла. /3 оноо/

а. “Гавьяа” гэдэг үгэнд хэдэн үсэг, хэдэн авиа байгааг тодорхойл.

б. “Хана” гэдэг үгийн “х” авианд тохирох шинжийг дугуйл.

1. Дуутай сул 2. Уруулын

3. Хэлний хойгуур 4. Зөөлөн

в. Зөв бичих дүрмийн үүднээс доорх үгсийн дарааллыг ажиглаад цэгийн оронд тохирох үгийг нөхөж бич. “дарлалын, олсныг, бадралаар, хамгаалснаас, олдворын ............”

6. Үгсийн сан, найруулгазүйгээр задлах. /3 оноо/

а. “Ховор” гэсэн утга санаа илэрхийлэх тогтвортой хэллэг аль болох олныг бич. /4өөс доошгүй/

б. “Хөл машин” гэдэг атлаа “гар машин” гэдэг нэр томъёо байдаггүйн учир юу вэ?

в. “Торгон жолоо”, “Торгон хил”, “Торгон мэдрэмж” гэсэн холбоо үгийн учрыг тайлбарла.

7. Уран зохиол. /4 оноо/

а. Найруулал гэж юу вэ? Тодорхойлолт бичиж, жишээ гарга.

б. Найраглал уран зохиолын ямар төрөлд багтах вэ?

1. яруу найраг 2. туульс 3. шүлэг

8. “Гэгээн алсад одох юмсан” сэдвээр эх зохиож бич./80-100 үг/ /5оноо/

9. Монгол бичгээр буулга. /5 оноо/

“Өнөөгийн монгол хэлэнд цаг хугацааг европ маягаар тоолж байна. Эрт цагт бол хугацааг нарийн хувь, хувь, мөч, цаг гэх мэтээр тоолж байжээ.Үүнд, нарийн хувь нь секунд, хувь нь минут, мөч нь 15 минут, цаг нь дөрвөн мөч буюу жаран хувь юм. Европын тооллыг аргын тоолол, Азийн тооллыг билгийн тоолол гэнэ.

 

Түлхүүр буюу заавар

Нэгдүгээр даалгавар.

Энэ өгүүлбэр нь хэлхэц өгүүлбэрүүдээс бүтжээ.

Хүмүүс ярьж аж төрж, цагийн дөрвөн улирлыг эргэлдүүлж байхад элс нүүдгээрээ нүүж, шувууд буцдагаараа буцаж, ирдгээрээ ирж, цаг хугацааг даган урссаар байдаг ажээ.”

Тухайн өгүүлбэрт хэдэн үйл үг байна, түүний тоогоор өгүүлхүүн төв буюу өгүүлбэр байна. Өөрөөр хэлбэл, үйл үгийн тоогоор энгийн өгүүлбэр байна гэсэн үг. Гэвч тухайн үйлийн эзэн нь нэг, тэр эзний хийсэн үйлүүд нь хэд хэд байх тохиолдолд нэг энгийн өгүүлбэр байна гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хэлхэц өгүүлбэр байна.

Хоёрдугаар даалгавар.

Хүн байгаль хоёр. - Энэ өгүүлбэр нь нэг бүрэлдэхүүнт, нэрлэсэн өгүүлбэр юм.Утгын хувьд жинхэнэ нэрлэсэн өгүүлбэр байна.

Нэрлэсэн өгүүлбэр нь нэрийн бүрэлдэхүүн хэсгээр илэрч, одоо цагийн хүрээнд юм үзэгдэл, ахуй байдлыг заан нэрлэсэн нийлмэл дохио бөгөөд эхийн түвшинд онцолборын үүрэгтэй байж, нэрлэгдэж байгаа юм үзэгдлийн талаар онцгойруулсан төсөөлөл өгөхөд чиглэгддэг. /Б.Пүрэв-Очир ОЦМХ-ний өгүүлбэрзүй 1-р дэвтэр .Уб., 2001, х-236/

Гуравдугаар даалгавар.

А. Өгүүлэгдэхүүнийг янз бүрийн аргаар тодчилно гэдэг бол нэрлэхийн тийн ялгалыг ялган тодруулж байгаа арга мөн. /Б. Пүрэв-Очир ОЦМХ-ний өгүүлбэрзүй 1-р дэвтэр. Уб., 2001, х-139-145/

Б. Монгол хэлний энгийн өгүүлбэрт нэрийн бүлгийн төгсгөлийн үг нь нэрлэхийн тийн ялгалд байдаг.//

Дөрөвдүгээр даалгавар.

А. амьдрал - амь + д + р + л

амь– идэвхтэй нэр язгуур

-д- нэрээс нэр үг бүтээх дагавар

-р- нэрээс үйл үг бүтээх дагавар

-л үйлээс нэр үг бүтээх дагавар

Б. Төмөр хүрз бат бөх байдаг. /Төмөр - үндсээрээ хүрз гэдэг үгтэй холбогдсон. Хүрз гэдэг нэр үгийг тодотгож, нэрийн шинжийг зааж байгаа учир тэмдэг нэрийн үүрэг гүйцэтгэж, үндсээрээ байна гэж үзнэ../

Бид хаягдал төмөр цуглуулав. /төмөр – заахын тийн ялгалын тэг хувилбараар цуглуулах гэдэг үгтэй холбогдсон. Учир нь цуглуулах гэсэн тусах үйл үгэнд холбогдож, тухайн үйлэнд шууд тусан өртөх юмыг заасан./

Тавдугаар даалгавар.

А. “гавьяа” – 6үсэг, 5 авиа

Үсэг гэдэг бол тэмдэг юм. Авиа гэдэг бол дуудлага юм.Хатуу, зөөлний тэмдэг нь авиа болохгүй, зөвхөн өмнөх гийгүүлэгчээ зөөлрүүлэх үүрэг гүйцэтгэж, үсгийн тоонд орно.

Б. “Хана”- энэ үгийн “х” авиа хэлний хойгуурх авиа.

“х”- авиаг хэлэхэд хэлний уг хэсэг буюу хойд хэсэг өргөгдөж хэлэгдэнэ.

В. дарлалын, олсныг, бадралаар, хамгаалснаас, олдворын, явсныг

Эхний үг нь гээгдэхгүй, дараагийн үг нь гээгдэх эгшгийн дүрмээр бичигдсэн гэх мэтээр дараалсан байна.

Зургадугаар даалгавар.

А. Ховор -- нүдний гэм, өдрийн од шиг, хаа нэг,

Б. Гар машин гэдэг нэр томьёо байхгүй. Учир нь оёдлын машин анх гараар ажилладаг байсан. Хожим гар ажиллагааг нь хялбарчилж, хөлөөр ажиллуулдаг болсон тул “хөл машин”гэж онцлон ялгаж нэрлэх болсон.Энэ нь төлөөлөн нэрлэлт юм. Учир нь хөлөөр ажиллуулдаг машин гэсэн нэрлэлтийг хөл гэдэг үгээр нь хураан төлөөлүүлсэн байна. Гараар бүхнийг хийдэг учир гар машин гэж онцлон нэрлэх шаардлагагүй.

В. Торгон жолоо – морины жолоо. Наадамд түрүүлсэн морины жолоо цулбуурыг нь өргөж, хурдан морины цол уншдаг бөгөөд торгон жолоо гэдэг нь хүндэтгэлийн утгаар орсон.

Торгон хил – улсын хил хязгаарыг хүндэтгэлийн утгаар ингэж нэрлэдэг. Уран зохиолын адилтгах уран дүрслэлээр бүтсэн нэрлэлт.

Торгон мэдрэмж – маш нарийн мэдрэх чадварыг ингэж нэрлэнэ.Мөн адилтгалаар үүссэн нэрлэлт.

Долдугаар даалгавар.

А. Найруулал гэдэг нь:

Үнэн бодитой явдлыг юм уу, бодот хүний намтар, түүхийг уран сайхны маягаар сонирхолтой судлан шинжилж бичсэн багаас эхлээд том хэмжээний зохиол юм. / /

Найруулал гэдэг нь үргэлжилсэн үгийн зохиолын багавтар хэлбэр бөгөөд бодит амьдралыг цаг тухайд нь үнэнээр нь тусгаж, уран сайхны аргаар дүрслэн бичсэн хүүрнэл эх юм. /Монгол хэл -11 Уб., 2006 он, х - 91/

Б. Найраглал нь уран зохиолын туульсын төрөлд багтана.

Бичгийн уран зохиол нь яруу найраг, туульс, жүжиг хэмээх 3 төрөлтэй бөгөөд яруу найргийн төрөлд шүлэг, найраглал, туульсын зохиолд өгүүллэг, тууж, туурь, найруулал, роман, их туульс, жүжгийн зохиолд эмгэнэлт, инээдэмт, драмын гэсэн зүйлүүд ордог.

8. “Гэгээн алсад одох юм сан” /80-100үг/ эх 

 


бичсэн: Сургалтын блог төрөл: Шинэ мэдээ
(8) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

7angi
Oruulaad ugguch
бичсэн Гуйжийн (зочин) цаг: 19:15, 2023-03-11 | Холбоос | |
Bayrlalaa ih hereg bolloo.
бичсэн Зочин цаг: 16:11, 2023-02-03 | Холбоос | |
Схн
бичсэн Зочин цаг: 11:15, 2022-04-28 | Холбоос | |
2019Onii hel bichgiin sedwiig oruulj ugch tuslaach
бичсэн Болороо (зочин) цаг: 20:30, 2020-11-06 | Холбоос | |
монгол хэл бичгийн улсын XXXVII олимпиадын 3-р давааг өгөөч , 2006 оноос 2012 он хүртэл
бичсэн Зочин цаг: 15:15, 2018-10-19 | Холбоос | |
9-р ангийн монгол хэлний олимпиадын материал оруулж өгч тус болооч
бичсэн Г.хилийнцэцэг (зочин) цаг: 10:52, 2016-12-18 | Холбоос | |
хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. яг үүн шигээ жил жилийн материалыг түлхүүртэй нь тавьж байвал зүгээр байна. мөн багшийн материалыг ч бас.
бичсэн Зочин цаг: 11:51, 2015-03-25 | Холбоос | |
Баярлалаа. Их хэрэгтэй мэдээлэл байна. баярлах
бичсэн Сувд (зочин) цаг: 23:26, 2013-04-09 | Холбоос | |



:-)
 
xaax