2012-06-04,

                                                Хунгийн чуулга

Ай. Төмөр-Очир

 

              Зайрмагтсан нуур алдаг оног мөстөж, ус мөсөн мандал уран зургийнх шиг бидэртэнэ. Цав цагаан хунгийн суга  час улаан болчихсон, тэртээ холоос элин халин мөсөн дээр буухдаа халтирч гулсаад, усруугаа палхийтэл унахад, хаа нэгтээгээс өөр нэгэн хун ирээд, түшээд босгочхов уу даа гэмээр аяглах. Өдөр өдрөөр тэлэн, хором хормоор зузаарч буй мөсөн дээгүүр хээнцэрлэн алхах нь тун ч хянамгай. 

   Сандарч мэгдэн, саймширч ижилдэн бие биеэ түшин сугадалцсан хосууд хөтлөлцсөн хүүхдүүд шиг ээнэгших нь харахаас хайр булаам. Хүзүү хоолойгоороо орооцолдон бүжих, нэг нэгийнхээ суганд хошуугаа шургуулж  аальгүйтэх. Заримдаа бүр тэврэлдчихэв үү  гэмээр эгц дээшээ цоройлон хун биш  хүн шиг авирлах.

   Бас өөр нэгэн онцлог нуурын ертөнцөд байдаг нь их л сонин санагддаг. Газар газраас ирсэн хун ид чуулж байхад нугас, галуу бусад шувууд зайгаа тавьж, ойр орчмын нуур цөөрмүүдэд “отор” хийж цаг нөхцөөнө. Энэ нь чухам алс газар холыг зорих хаан шувуудаа хүндэлж, тэд маань нуураа санах зовлонгоо нимгэлэг гэсэн мэт  ууч сэтгэл гаргаж буй нь тэр.  Хамгийн гол  нь намар оройн Гангад өглөө, оройдоо хунгийн ганганаа уянга  түрэн эгшиглэх нь газар тэнгэрийн савсалга дахь найрал хөгжим мэт байдаг.

 

1.Эхийн сэдвийг олоорой.

А. Саймширч ижилдсэн хосуудын тухай.

В. Бие биедээ хайр халамжтай хос  хунгийн тухай.

С. Хун шувууд мөсөн дээр ч алхаж чаддаг тухай.

D. Нугас галуу гээд бусад шувууд хунг хүндэлдэг тухай.

Е. Хунгийн чуулганы тухай.

2. Эхийн гол санааг олно уу.

           А. Хун шувууд мөсөн дээгүүр хээнцэрлэх мэт  хянамгай алхана.

           В. Намар оройн Ганга нууранд чуулсан хунгийн ганганаа найрал хөгжим мэт

                уянга түрэн эгшиглэнэ.

           С. Заримдаа бүр тэврэлдчихсэн мэт эгц дээшээ цоройлон  хүн шиг авирлана.

           D. Бусад шувууд “отор” хийх мэт зайгаа тавьж, ойр орчмын  нуур цөөрөмд очно.

           Е.  Хөтлөлцсөн хүүхдүүд мэт ээнэгших нь харахаас хайр булаана.

3. Зохиогчийн үнэлэмжийг илэрхийлсэн хэсгийг олоорой.

       А. Зайрмагтсан нуур алдаг оног мөстөнө.

       В. Өдөр өдрөөр тэлэн, хором хормоор зузаарч байна.

       С. Хун ид чуулж байхад  нугас, галуу бусад шувууд зайгаа  тавьж өгнө.

       D. Хамгийн гол нь намар оройн Гангад өглөө, оройдоо хунгийн ганганаа уянга 

            түрэн эгшиглэх нь  газар тэнгэрийн савсалга дахь найрал хөгжим мэт байдаг.

       Е. Бас өөр нэгэн онцлог нуурын ертөнцөд байдаг.

 

 

4.  Хэдэн цогцолбор байгааг зөв тогтооно уу.

     А. “Мөсөн дээгүүр хээнцэрлэн алхах хун”      “Ээнэгшин тэврэлдэх хосууд”

         “Хаан шувуудаа хүндэлсэн нь“                “Найрал хөгжим мэт хунгийн ганганаа” 

            - гэсэн 4 цогцолбор.

    В. “Зайрмагтан бидэртсэн нуур”     “Мөсөн дээрх хун”     “Хайртай хосууд”

          “Нугас, галуу бусад шувууд”      “Найрал хөгжим”  - гэсэн 5 цогцолбор.

    С. “Мөсөн дээрх хун”    “Хайртай хосууд”    “Хун ба бусад шувууд”   - гэсэн 3 цогцолбор.

    D. “Мөсөн дээгүүр хээнцэрлэн алхах хун”       “Найрал хөгжим мэт хунгийн ганганаа” 

       - гэсэн 2 цогцолбор.

    Е. Ердөө л 1 цогцолбор.

5.Сандарч мэгдэн, саймширч ижилдэн бие биеэ түшин сугадалцсан хосууд хөтлөлцсөн  нь  хайр булаам. Орооцолдон бүжих, аальгүйтэх. Тэврэлдчихэв үү  гэмээр эгц дээшээ цоройлон  хүн шиг авирлах.” – гэж II цогцолборыг хувиргавал   ямар хувиргал  болох вэ?

           А. Салаалах.    В. Дэлгэрүүлэх.      С. Тонгоргох.     D. Хураах.        Е. Солих.

6.  Эхэд ямар дүрслэх ур маягийг ихэвчлэн хэрэглэсэн вэ?

         А. Ихэсгэл.    В. Хүншүүлэл.     С. Тойруулал.     D. Төлөөлөл.    Е. Хэтрүүлэл.

7.  Эхийн хэв маягийг тодорхойл.

                    А. Нуур, хун, бусад шувуудын үйлийг  тоочсон  тоочимж.

                    В. Үйл явдлыг   дараалан өгүүлсэн  хүүрнэмж.

                    С. Хэрэг явдлыг тайлбарласан тайлбарламж.

                    D. Хэрэг явдлыг эргэцүүлэн дүгнэж бичсэн эргэцүүлэмж.

                    Е. Хунгийн үйл явдлыг  бичсэн дүрслэмж.

8. Эхийн  төгс санаанд тохирох хэлцийг олно уу.

             А. Юм үзэж, нүд тайлах      В. Нүд баясгаж, сэтгэл сэргээх.

             С. Дотор нь ороод гарсан юм шиг. D. Загатнасан газар маажсан юм шиг.

             Е. Далайн урд гарч, далан урхи хазсан мэт.

9. Эхийн эхний өгүүлбэр  ямар утгын зүйлчлэлд хамаарах өгүүлбэр вэ?

            А. адгуус амьтны зүйлд.      В. амьтны бүтээсэн зүйлд.   С. мэдрэхүйн зүйлд.

             D. гариг эрхсийн зүйлд.    Е. зөн билгийн зүйлд.

10.Дараах өгүүлбэрүүдийг  тодорхойлолттой нь зөв харгалзуул.

1. Хун ид чуулж байхад, нугас, галуу бусад шувууд зайгаа тавьж өгнө.

2. Хүзүү хоолойгоороо орооцолдон бүжих, нэг нэгийнхээ суганд хошуугаа

     шургуулж  аальгүйтэх. 

 3. Цав цагаан хунгийн суга  час улаан болчихсон, тэртээ холоос элин халин, мөсөн дээр буухдаа, хальтирч гулсаад, ус уруугаа палхийтэл унахад, хаа нэгтээгээс өөр нэгэн хун ирээд, түшээд босгочхов уу даа  гэмээр  аяглах.

 4. Хунгийн чуулган яг л найрал хөгжим мэт байдаг аа.

 5. Хаан шувуу- хун маань нуураа санана. 

                             а. 2 бүрэлдэхүүнт  энгийн өгүүлбэр.

                             b. 3 бүрэлдэхүүнт  энгийн өгүүлбэр.

                             c. Хэллэг өгүүлбэр   

                             d.  Хэлхэц  өгүүлбэр.   

                             e. Жинхэнэ нийлмэл өгүүлбэр.

1                      2                      3                      4                      5


бичсэн: Сургалтын блог төрөл: Жишиг даалгавар
(5) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Сайхан байлаа
бичсэн Зочин цаг: 16:39, 2021-05-01 | Холбоос | |

Хунгийн чулга
бичсэн Нарангэрэл (зочин) цаг: 16:28, 2021-05-01 | Холбоос | |
схн байлаа
бичсэн Зочин цаг: 16:12, 2021-05-01 | Холбоос | |
намар
сайхан байна
бичсэн Bat Gunjidmaa (зочин) цаг: 16:07, 2021-05-01 | Холбоос | |
намар
сайхан байлаа
бичсэн Bat Gunjidmaa (зочин) цаг: 16:07, 2021-05-01 | Холбоос | |



:-)
 
xaax