2012-06-04,

Далхаагийн Норов : Чулуун домог

Шивээн толгой халиуран долгилох цэнхэр талын дунд ганц чулуун хүн чулуу шиг бөртийн зогсоно. Тэр хүн, чулуу шиг өвгөрчээ. Далаараа бөгтийж, мөр нь бөөрөнхий болж, зуувандуу нүд, бүргэд хөмсөг, нуман сахал, суман ооч нь ормын төдий үлджээ.

Басхүү толгой дээр нь бор болжморууд зэрэгцэн сууж, шулганалдан наадаж, сангас "айлдан" талын хүрэн бүргэд тэртээ дээр элин хальж, хуран сарын хур угаан амаржуулж, цэцгийн үнэр нэвчин цэнгүүлж, мөсөн сарын цас голыг нь тасартал жиндүүлж: урин хаврын шувуудын дуун мянгантаа эрхшээж, уяхан намрын айргийн үнэрт салхин түмэнтээ илбэсэн боловч энэ хүний болд зүрх догдлон шимшрэн цохилсон нь үгүй ээ. Басхүү илд мэс хангинан, хуяг дуулга харшилдахын үед ч газар дэлбэрч тэнгэр ниргэх догшин тулаан нижигнэхийн цагт ч ажирсан нь үгүй.
Гагцхүү арван гурван жарныг зогсож элээхдээ газар нутаг нь доргин донсолж, гарвал нэгтэй түмэн нь гаслан зовохын цагт чимх чимхээр эмтэрч, төрөл нэгтэй түмэн нь төвширөн амаржихын үед айрагт найрын уянга адуут талын эгшиглэнд ямх ямхаар хайлсаар ийн болсон бөлгөө.
Шивээт талын их өвсөнд түүний чулуун тиг баахан бүдгэрчээ.
Чулуун хүнийг тэр тигээс бүү гараг гэсэн үү, эсвэл түүнээс дотогш хэн ч бүү халдаг гэсэн юмсан уу, ямар ч атугай тэр хүн заасан буйрандаа бараг найман зуун жил зогсож, ариун бузар, үнэн худал, эрхэм дордын заагийг ялган хүүрнэсээр иржээ.
Цагтаа тэр хүн байлаа. Хүндээ хан хүү байлаа. Цөс ихтийг цалгиулж, цус ихтийг булгиулж, хаан эцгийн хулгийн туураар хөрстийг доргиулж, хатан эхийн сэтгэлээр хөмсөгтийг уяруулсан баатар эр байлаа ...
... Өгэдэй хаан эцгийн орон бэлэн сууринд залраад "ямар эрдмээр хаан сууринд суув би?" хэмээн тунгаахын цагт эртнээс монголын эцэг дээдсийг хорлосон хар хятадын жуйн нар нь хятадын алтан хааны итгэлт янаг нөхөд билээ.
Хаан эцэг тэднээс эцэг өвгөдийн нэхэлийг нэхэн эс гүйцээсэн тул одоо бид тийн морилон, алтан аргамжаа тасалдуулсны өшлийг өшиж, хяслыг хясвал ямар бол? хэмээн Цагаадай ахтай зөвшилцөөд тэр нэгэн туулай жил хятад иргэнд морилон Зэвийг манлайд илгээв.
Хар хятадын цэргийг хиартал хядаж, Цавцаал боомтоор зад дайран их Хянганыг давж, хот хүрээг эвдэн, балгадыг эзлэхийн цагт Өгэдэй гэнэт хөдөлж чадамгүй болон хошиж, дуугарч чадамгүй болон ухаан талбихад хүрэв. Хаан суурин хэлтийж. алтан ургийн хөвгүүд зөвлөлдөөд тэв тэнгэрийн залгамж, их хар бөө тэргүүтнээр бөөлүүлж, дээд тэнгэрээс асуулгавал,
- Алтан хааныхны эртний хорлолын өсийг авч, хот балгадыг нь эвдэж эзэлж хормой дорхийг нь хураан цуглуулсны төлөө тэнгэр эс хилэгнэв. Харин хар хятадууд хэзээний адилаар далд сэтгэл агуулж, газар лусын онгон шүтээнээ зориудаар сандаачин догшруулаад, гэм хорын үзүүрийг нь хаанд гүйлгэсэн байна хэмээн айлджээ.

- Хорыг сүүгээр тайлдаг бус уу? Хар хятадын хар хорыг яахин тайлна? Хүн болоод хөрөнгө. хүнс болоод идээ, алт мөнгө, адгуус мал арвинаар золио болгон өргөвөл болох уу? хэмээн дахин асуулгаваас,
- Газар дайдын тойгтныг бүгдээр сөгдүулж, толгойтныг бүхлээр бөхийлгөсөн их хааны ор Өгэдэй бус уу. Хангарьдын амийг харцагаар золих билүу! Өршөөлт бурхан Халдуны оронд өгөр муу довцгийг тайх билүү гэж Тэнгэр болгоов гэжээ. Хааны өвчин улам хүнд болов. Урьдах золиог хар хятадын догшруулсан уул усны эзэд эс таалах нь зүй буй заа. Иймд хэрхэх билээ? хэмээн голыг эзэлсэн хөвгүүд, өрлөг жанжид дахин хэлэлцээд "ойр төрлийн хүнээр золио өгвөл ямар" хэмээн дахин айлтгуулав. Чингэтэл хаан гэнэтэд сэргэж, нүдээ нээн ундаан нэхэж уугаад "Юу болов?" хэмээн асуув. Бөө нар дуртган айлтгав.
- Хотоо эвдүүлж, хүнээ хураалгасанд хар хятадууд хорсож, газар лусын хорлолыг танд гүйлгэж хүнд өвчин хүргэжээ. Алт мөнгө, адал хогшлоор золио өгье гэхэд эс таашаан улам хүндрүүлэв. Харин тэнгэрийн таалснаар ойр төрлийн хүнээр золио өгье гэхэд сая хорлолыг хөнгөрүүлэв. Одоо яахыг эзний зарлиг мэднэ гэв. Өгэдэй хаан,
- Ойр төрлийнхнөөс миний дэргэд хэн байна? хэмээвээс Толуй
- Ах минь би байна гэж хариулжээ. Yүнд их хаантан дуугарсангүй.
Yүнд Толуй бас өчрүүн:
- Суут Чингис хаан эцэг минь дээр чинь ах нар, дор чинь дүү нар байтал хаан ах таныг агт морь шиг сорьж, иргэн хонь шиг барилж үзээд их сууринд суулгаж. олон улсыг захирах дээд үүргийг
даалгав. Намайг хаан ахын дэргэд байж мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж яв! гэсэн билээ. Одоо хаан ах чамайг алдвал би хэний мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлэх вэ? хаан ах муужирвал олон монгол улс өнчирч Хятад иргэн баясах болно Хаан ахын оронд би золио больё гэв. Өгөдэй хаан баахан түдсэнээ хэлэв.
- Би чиний зулайг гишгэн төрсөн ах чинь боловч Бөртэ хатан ижий минь чи биднийг ав адилхан ангир уургаараа амлуулан, аманд өртсөн хоолныхоо амттайгаар тэжээж, эгэмнээс минь татаж эрийн цээнд хүргэж, хүзүүнээс минь татаж хүний зэрэгтэй болгосон билээ,
Хаан богд эцэг минь хар толгойгоо хайрлалгуй, халуун цусаа гамналгүй, гарын ханцуйг дэрлэж, гадаад хормойгоо дэвсэж, шүлсний хөөсөөр ундаалж, шүдний махаар хооллон явж хамаг улсыг байгуулаад зовж байгуулсан улс, зүдэж байгуулсан төрийг минь хамтдаа түшиж яв! гэж захисан биш үү! Алтан хэвэл нэгтэй дүү чамайг би дорд ухаантны муу арганд өртүүлж. хорт тамирын золио болгоод, хаан аав, хатан ээжийн тогтоож өгсөн ёсыг дагаж явна гэж бодох уу? хэмээн арай ядан үгээ барав. Хааны зарлигийн хариуд Толуй ноён урагш шамдан суудал бататгаад хааныг ятган айлтгав.
- Дэлхий дайдын дээд сууринд хүрсэн хаан ах минь эндвэл орчлон донсолж, олноор үймрэхэд хүрэх вий. Босгосон төр байгуулсан улсын минь болд багана доргихгүй бат байваас хамаг монгол ах дүүс хураасан олон таван өнге, есөн хэлийн харь улс бүгдээр гар газар, хөл хөсөр суух бус уу. Yунийг бодож би ах таны төлөө бус дээд тэнгэрт ивээгдэж, дэлхий дайдыг атгандаа авсан их эзнийхээ алтан төрийн төлөө амиа өгье. Тул загасны нурууг тунтарч явлаа би. Миний бие үзэсгэлэн төгс учраас тэнгэрт тоогдох, язгуур дээд тул ёсонд нийцнэ. Бөө нар бөөлж, золио хийхээ гүйцэтгэ! гэж зарлигдав. Өгөдэй хаан ухаан бүрэн байсан эсэхийг бүү мэд, нүд аниастай хэвээр эс дуугарав. Бөө бөөлөн цамнаж хан хүү Толуйн зарлигийг тэнгэрт таацуулж, газарт нийцүүлээд адислан шившсэн усыг алтан тагшинд хийж Толуйд уулгав. Хан хүү Толуй шившлэгт ундааныг уугаад бяцхан сууснаа,
- Согтов би. Өнчин дүү нар ба бэлбэсэн бэрээ хүмүүжүүлэн асрахыг хаан ах мэдтүгэй! Ах минь та бид багадаа тоглож өссөн дөрвөн мөнгөн аргайг надад егөөрэй. Тэр миний өмч болог хэмээгээд гарч муужран одсон бөлгөө...
Шивээт талын халиурах евсөн дунд зогсох ганц чулуун хүний тоссон алган дээрх дөрвөн өнгөтэй аргай арван жарны жаргал зовлонгийн нар хур хоёрт элтэрч дайлсаар бөөрөнхий төдий болжээ.
Буурал түүхийн хуудсыг булш бунхнаас уншдаг ёсон бий. Гэвч хэн энэ хөшөө босгосныг бас хэн ч үл мэдмү. Харин алтан төрийн чулуун хүнд хэн ч эс халдму. Хэн ч эс дайжму. Гагцхүү учирсан хүн дөрөө мултлаж, толгой гудайлгана.
Тал нутгийн дунд чулуун хун зогсож, тэнгэрт бүргэд халина.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax